УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна” гэж заасан боловч УИХ-аас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохдоо түүнд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Улсын Их Хурлаас Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн боловч холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулалгүй орхигдуулсан нь хуулийн хийдэл, зөрчил үүсгээд байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болж байна. Хууль батлагдсаны дараа хууль тогтоомжийн уялдаа холбоо сайжирч, хуулийн хийдэл, зөрчил арилах хийгээд иргэд, хууль хэрэгжүүлэгч болон түүнийг хэрэглэгчдэд нэг мөр ойлгомжтой болох эерэг нөлөөтэй. Улсын болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй.