Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-тэй холбоотой шүүхийн төлбөр 100 сая долларыг төсвийн мөнгөнөөс төлөхгүй шүү

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2018.02.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар оролцлоо.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүллээ. Ардчилсан нам өнгөрсөн нэгдүгээр сард татвар нэмсэн тооцоогүй шийдвэрээ цуцлах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шаардлага хүргүүлсэн. Гэхдээ шаардлагад бүрэн хариу өгсөнгүй. Хэдийгээр ХХОАТ-ын хувь хэмжээг буурууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн ч энэ нь УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байна. Мөн АИ95, А80 шатахууны үнийг бууруулж, ялгавартай хандлаа. Шатахууны хомсдлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам дордсон. Шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ хүртээнэ гэж байсан эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсад нэр хүндийг нь унагалаа. Алдаатай шийдвэрүүдээ цуцалж, улс төрийг тогтворжуулахыг шаардаж байна. Энэ хариунд 2018 оны зургадугаар сарын 12-ны дотор шийдвэр өгөхийг шаардаж байна. Тавьсан шаардлагыг биелээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өчигдрийн жагсаал эрх баригчдад сануулга өгсөн. Бид цаашдаа үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулна гэлээ. Эрх баригчид иргэдийн анхаарлыг “Эрдэнэт”-ийн 51 хувиас холдуулж, 49 хувь дээр төвлөрүүлсэн. 49 хувь бол дотоодын асуудал. 51 хувь гадаадаас хамааралтай болоод байна. Монголын төр аль алиныг нь шударгаар шийдэх ёстой. АН хариуцлага хүлээ шаардлагатай бол бид хариуцлагаа хүлээхэд бэлэн. МАН шиг хариуцлагаас бултахгүй, АН. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкинд тавьж зээл тавьсан ажил бол С.Баярын Засгийн газрын үед хийгдсэн ажил. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга нар үүнд хамаатай. Төрийн өмчийн хорооны дарга  нь "Миний гарын үсгийг дууриасан байсан" гэж хэлсэн байна лээ. Гэтэл гарын үсгийг оригиналь гэдгийг нь Английн Арбитрын шүүхээс баталсан. Арбитрын шүүхээс хэзээ ч худлаа баримт гаргахгүй ” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Эсэргүүцлийн тайван жагсаал цуглаанд оролцсон бусад улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллага, ард иргэддээ талархлаа илэрхийлж байна. Өчигдрийн жагсаал, цуглаан эрх баригчдад сануулга өгөх жагсаал, цуглаан болсон. Үүнд оролцсон хүмүүс маш сайн зохион байгуулалттай, өндөр хариуцлагатай оролцсонд бид бүхэн талархалтай хандаж байгаа.

Бид эрх баригчдад тавьсан тодорхой шаардлагуудаа өнөөдөр мэдэгдэл болон гаргаж байна. Шаардлага бол ойлгомжтой. Гэхдээ би дахиад сануулъя. 60 тэрбумтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, иргэдийн халаастай холбоотой бүх татваруудыг цуцлах ёстой. Эдийн засагт өсөлт байгаа юм бол тэр өсөлтийг ард түмэнд хүргэх тодорхой ажил хийх үүрэгтэй. Шатахууны зохиомол хомдолоос болж өссөн үнийн өсөлтөд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Энэ удаагийн мэдэгдэл дээр Ардчилсан намаас тодорхой хугацаа заасан байна.

Олон улсын арбитрын шүүхээр эцсийн шийдвэр нь гарсан "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой Стандарт банкнаас авсан зээлийн асуудал яригдаж байна. Зарим хүмүүс битүүмжлээгүй гэж тайлбарлаад байх шиг байна. Тийм биш. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Монгол Улс 100 гаруй сая долларыг төлөх шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ бол Монголын эдийн засагт ноцтой хохирол учруулах шийдвэр. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, хулгай хийж байсан тэр этгээдүүдийг үйлийг өнөөдөр Монголын ард түмэн үүрэх ёсгүй. 100 сая доллар гэдэг нь Монгол Улсын нийт хүүхдүүдэд хоёр жил өгөх мөнгөтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Тиймээс Стандарт банкнаас авсан зээлтэй холбоотой 100 сая долларыг Засгийн газар ард түмний халааснаас буюу төсвийн мөнгөөр төлөхгүй шүү. Тодорхой эзэн хариуцагч нь байгаа. Тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцоод, оффшорт данснаас нь тэр мөнгийг төлүүл. Хэрвээ төсвийн мөнгөнөөс төлбөл Ардчилсан нам ард түмэнтэйгээ нийлж байгаад арга хэмжээ авна шүү" гэдгийг онцоллоо.

Бүрэн эрхээрээ дүрстэй:

 

 

 

 

1 сэтгэгдэл

Comments are closed.