Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд МАН-ийн гишүүд, Их жанжны төрөл төрөгсөд, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Төрийн Хүндэт харуул энэ үеэр Сүхбаатар талбайд жагсан, хүндэтгэл үзүүлж, Төрийн дуулал эгшиглүүлсэн юм.
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн энэ түүхэн өдөр Ардын хувьсгалын ач холбогдол, Монгол орны тусгаар тогтнол, Сүхбаатарын намтар, үйл хэргийн талаар түүхэн баримт, материалуудыг олон түмэнд сурталчилан таниулдаг уламжлалтай.