Монгол Улсын Ерөнхий сайдын “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт”-ийн талаар хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ж.Батзандан уншиж, танилцууллаа.
Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Нийт малчин түмэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт”-ийн талаар хийсэн 86 хуудас хэт нуршсан, шинэ мэдээллээр дутмаг, дэвшүүлж буй хөгжлийн бодлого хомс мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.
Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан билээ.
Уг бодлогын баримт бичгийн хүрээнд ирэх 12 жилд мал аж ахуйн салбарын хөгжлийг боловсруулах болон хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон. Түүнчлэн тариалангийн бүс нутгийг улсын хэмжээнд тодорхойлох улмаар газар тариалангийн салбартай эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх бодлогыг анхлан тодорхойлж, Тариалангийн тухай хуулийг баталсан.
Монгол Улсын Ерөнхий сайдаас 2017-2018 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн талаар болон энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа. Танай намын байгуулсан Засгийн газарт 2017 онд хийж бүтээсэн, авч хэрэгжүүлсэн танилцуулах ажил байхгүй юу? Мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлсэн гэх Таны танилцуулсан мэдээллийн дийлэнх нь 2016 оноор дуусч байна
Манай улсын хувьд мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцэст малын тоо 66 сая 215 мянган толгойд хүрч түүхэнд байхгүй олон малтай болсон нь энэхүү салбарт ажиллаж буй малчин, мэргэжилтэн нарын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
Эрхэм Ерөнхий сайдаа! Таны тэргүүлсэн Засгийн газрын гишүүд хоёр машин өвс малчдад хүргэхийн тулд тайз засч, том хөөрөг, торгон дээл өмсөн, айл хунар, албан байгууллагаар хэсэн зураг хөргөө татуулж байна. Танай Засгийн газрын гишүүд хэзээ хөрсөн дээр бууж, ажилдаа ажил хэрэгчээр анхаарах вэ?
Өнөөдөр Монголын мал аж ахуйн салбарын талаар олон янзын ойлголт, хүлээлт бий болсон байна. Хамгийн түгээмэл нэг ойлголт бол нүүдэлчид эх нутагтаа нүүдэлчдийн амьдралын соёл, ёс заншлыг мөнхөд хадгална хэмээн үздэг дэврэнгүй сэтгэгдэл юм. Үүний эсрэгээр бэлчээрийн мал аж ахуйг хоцрогдсон, орчин үеийн эдийн засгийн тогтолцооноос шоовдорлогдсон, тогтвортой биш үйл ажиллагаа явуулдаг, орлогын эмзэг байдалтай байдаг учраас энэ нь малчдыг ядууралд хүргэдэг гэсэн ойлголттой хүмүүс ч байдаг. Мөн энэ салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, түүний борлуулалтын хэмжээ, малчдын орлогыг ихээхэн нэмэгдүүлж орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэх бас нэг хэсэг нь байна.
Хэдий малын тоо толгой жил бүр өсч байгаа хэдий мал аж ахуйн салбар хамгийн хямралтай үедээ тулж ирээд байна. Малын тоо толгой, нягтшилтыг бууруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого сайн хэрэгжихгүй, эсвэл тогтвортой байлгах зах зээлийн урамшуулалт систем нэвтрэхгүй байгаагаас шалтгаалан малчин өрх орлогоо нэмэгдүүлэх, эрсдэлийг даван туулах зорилгоор малын тоог нэмэгдүүлсээр байгаа ийм нөхцөлд малын өсөлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр өмнө нь гарч байсан үзэгдэл буюу тухайлбал 2000-2002, 2009-2010 онуудын зудтай жилүүдэд малын тоо их хэмжээгээр буурч, олон айл өрх хэт ядууралд орж, хот суурин руу олноор шилжин нүүж, Дотоодын нийт бүтээгдэхүүн зогсонги байдалд орсон үе давтагдах магадлалтай байна.
Өнөөдрийн нөхцөлд малын тоо, толгой өссөнтэй уялдан мал аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдсэн хэдий ч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл биет хэмжээгээрээ буурсан нь манай улсын ажиллах хүчний 30 орчим хувийг эзэлж буй малчдын бодит орлого нэмэгдээгүй байна. Нэн ялангуяа арьс, шир болон хонь, ямаа, үхрийн хөлдүү махны экспортын хэмжээ нь өмнөх жилүүдийн дундажаас бага байгаа нь мал аж ахуйн салбарын хамгийн тулгамдсан асуудал болох мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний гаралт ихэссэн, олон улсад халдварт өвчингүй тайван байдлыг тодорхой бүс нутгаар баталгаажуулах ажлууд орхигдсон байгаа нь харагдаж байна.
Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн болох мах, ялангуяа хонь, ямааны мах экспортлох ажлыг эрчимжүүлснээр малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болно.
Ардчилсан намын Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч баруун таван аймгаас эхэлж бүх аймгийг малын гоц халдварт өвчингүй тайван бүс болгох ажлыг эхлүүлж, урд хөршид мах экспортыг эхлүүлж байсан нь саяхан. Гэвч олон улсын худалдааны хорио, цээртэй мал, амьтны гоц халдварт өвчин болох шүлхий, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчин 2016, 2017 онуудад олон удаа гарч, дэгдэлт нь нэмэгдэж, хяналтаас гарсан нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь буруу байгаагийн илрэл гэж дүгнэж байна. Одоо ч зарим аймгуудад энэ төрлийн малын өвчин илэрсээр байна.
Тухайлбал:“Вакцинд хамрагдсан, шүлхий өвчнөөр тайван бус” бүс нутаг болох Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын нутагт эрүүл бүсийн малтай айлууд отор нүүдлээр очихыг хориглох, малчдад ухуулан таниулах ажлыг хийгээгүйн улмаас Сэлэнгэ, Булган, Увс зэрэг аймгийн "Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс"-ийн малтай айлуудын мал нь тухайн бүс нутагт отроор очин өвчилж, голомтыг нэмэгдүүлж, хүрээг тэлсэн. Түүнчлэн хадлан хадах боломжгүй аймгуудын хадлангийн бригадуудыг зүүн аймгуудад хадлан хадах, өвс, тэжээл бэлдүүлсэн малын гоц халдварт өвчний тархалтыг улам нэмэгдүүлсэн.
УИХ-ын эрхэм гишүүд ээ! Эрхэм Ерөнхий сайд аа!
Манай улс мал аж ахуйн орон атал малын эрүүл мэндийн чиглэл хариуцсан Засгийн газрын агентлаг найман малын эмчийн орон тоогоор ажлаа гүйцэтгэж байгаа нь 10 сая толгой малд нэг малын эмч ногдохоор байна. Энэ тал дээр анхаарлаа хандуулна уу?
Малын үржил, селекцийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн үзүүлэлт бусад улс орнуудтай харьцуулахад маш чамлалттай байгаагаас гадна 11,6 тэрбум төгрөгөөр баригдсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.
Монголын эрс, тэс уур амьсгалд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйн хувьд хамгийн гол асуудал бэлчээр, бэлчээрийн усан хангамжийн асуудал. Малчдын хамгийн их санал тавьж, хүсэлт гаргадаг инженерийн хийцтэй худгийн ажлыг улсын болон орон нутгийн төсөвт суулган бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх нь зөв боловч төсвийн хөрөнгө оруулалтыг малчдын өөрийн хөрөнгө оруулалттай уялдуулах замаар малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, жил тутам гаргах худгийн тоо хэмжээг ч нэмэгдүүлэх боломж байна.
Монголын мал аж ахуйд бэлчээрийн мал зонхилох хэдий ч тариалангийн бүс нутгийг яаралтай зарлаж, энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх, дэмжих замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай.
Мал аж ахуйн импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх тал дээр Ардчилсан намын Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн дотоодын аж ахуйн нэгж, фермерүүдийг хөнгөлттэй зээлээр дэмжиж гахайн мах, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, тэжээл, мах, сүүний үхрийн ферм зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн нь өнөөдөр амжилттай ажиллаж дотоодын хэрэгцээг хангаж байна.
Иймд Засгийн газрыг бие даан арга хэмжээ авахаас гадна нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран мал аж ахуйн салбарыг бүсчлэн хөгжүүлэхэд анхаарч, зөвхөн улс, орон нутгийн төсөвт найдах бус дотоодын болон гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татан оруулахад анхаарал хандуулан ажиллах шаардлагатай.
Улсын Их Хурлаар саяхан батлагдсан мал аж ахуйн салбарын хамгийн чухал хууль, эрх зүйн зохицуулах бичиг баримт болох “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль” -уудаа олон нийтэд сурталчлан таниулж, хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулан ажиллахыг хүсье.
Дүрс бичлэг:































