Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Герман, Унгарын хамтарсан Sulzle, MPE, INWATECH компанийн захирал Арпад Таласи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бүрэн боловсруулах шийдлийн талаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Х.Баделхан юуны өмнө удаан хугацаанд ил хаягдсан лагийг боловсруулах, үнэргүйжүүлэх ямар арга, технологи байгааг сонирхон, үүнтэй холбоотой ажлыг шуурхай зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгааг онцлов. Тэрээр лаг боловсруулахад дотоод, гадаадын 20 гаруй компаниуд санал, технологио танилцуулаад байгааг мэдээлэв.
Sulzle, MPE, INWATECH компанийн хувьд уг лагийг цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулах шугамтай холбож, шатаах хэсэгт нь хольж боловсруулах технологийг ашиглах нь хамгийн шилдэг арга болохыг онцлон танилцуулав. Энэ технологийг нэвтрүүлэхэд Европын сангаас хамгийн хөнгөлөлттэй 30 сая еврогийн зээлийг олгох боломжтой гэв.