УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2018.02.05/ “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хянхярваад хүргүүлсэн. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд тусгах боломжтой саналуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай санал солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн удирдлагууд хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг, нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг мөн хэллээ.
Дашрамд дурьдахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ пүрэв гарагт хуралдаанаа хийж, УИХ-ын намрын чуулганы хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.