ХБНГУ-ын Бавари мужын Би Эф Зэт (BFZ) сургалтын төв, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо (МБЗТЗХ), Монголын Барилгын үндэсний Ассоциаци (МБҮА) нар хамтран “Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сэдэвт сургалтыг 7 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо. Сургалтын нээлтийн үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн юм. Тэрээр “ Би 2017 оны 12 дугаар сарын 28-нд 215 дугаар тушаалаар “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт” эрхлэх чиг үүргийн салбарын ТББ-уудын түншлэлд гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу анхны сургалтыг өнөөдөр эхэлж байна. ХБНГУ, Монгол улс бүх талын найрсаг харилцаатай ажилладаг. Өнөөдөр Германы мэргэжилтнүүд нарлаг Монгол оронд, барилга байгууламжид нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах тухай баялаг туршлагаасаа хуваалцахаар ирсэн нь хамтын ажиллагааны шинэ хуудас болж байна.
Герман технологийг Монгол оронд нутагшуулахад манай инженерүүд цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг бид бүх бололцоогоороо дэмжинэ.
Монгол орон жилд 300 шахам хоног нартай байдаг тул барилгад ашиглах өргөн боломж байна. ялангуяа гэр хорооллыг барилгажуулах ажилд нарны энергийг ашиглах асуудлыг зориуд судлахыг хүсье” гэв.
Энэхүү сургалтаар эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлт, нарны эрчим хүчийг цахилгаан, дулааны эрчим болгон тооцоход барилгын хэлбэр, нарны тусгал, байгалын хүчин нөлөөлөл, тооцоолол зэргийг Монголын 50 гаруй инженерт мэдлэг олгох юм.