Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, УИХ Засгийн газартаа асуудлаа дэвшүүлж ажиллах ёстой байхад ажлаа хийж чадахгүй байна. НИТХ болон Засаг даргаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд хэрэгжих боломжгүй, хэм хэмжээ тогтоох чадамжгүй “цаас” болж хувирсан байна. НИТх дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
1992-2017 онд НИТХ болон тэргүүлэгчдийн хурлаас захиргааны хэм хэмжээний тогтоосон нийт 96 тогтоол батлан гаргаснаас өнөөдрийн байдлаар 2 тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн байна.
Мөн 2017.07.01-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдсөнөөс эхлэн ИТХ, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар дагаж мөрдөх хууль тогтоомж байхгүй болсон байна.
Иймд хэм хэмжээ тогтоосон актуудыг улсын нэгдсэн санд бүртгүүлэх, НИТХ болон Засаг даргаас хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар хуулийн төслийг боловсруулан НИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжлах шаардлагатай гэж үзэн тус намын бүлэг Нийслэлийн Засаг даргад хандаад байгаа юм байна.
Мөн иргэдийн бухимдал төрүүлж буй автомашин ачилтын үйл явцыг олон нийтэд ил тод, ойлгомжтой болгох асуудлыг НИТХ-ын 2 дугаар сарын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Учир нь тээврийн хэрэгсэл ачилтын талаар НИТХ-ын болон Хууль зүйн сайдын журам байдаг боловч Зөрчлийн хуультай холбоотойгоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. Автомашин ачилтын 17 компанийн үйл ажиллагаа, гэрээ, жилд ачсан машины тоо гэх зэрэг олон зүйлийг ойлгомжтой, нээлттэй болгох шаардлагатай, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд энэ үйл явцыг сайжруулах хэрэгтэй гэж тус намын бүлэг үзэж байна.