“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг.
НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцолсон юм. Тиймээс ч энэ өдөр улс бүр тодорхой зорилт дэвшүүлэн олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Тус өдрийн хүрээнд энэ сарын 3-5-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн Байгаль орчны газраас худгийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт гаргасан талбай нь зөвшөөрөгдсөн байршилд байгаа тохиолдолд худгийн зөвшөөрлийг шууд олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө өгөх зэрэг олон үйлчилгээг үзүүлэв.
Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг танилцууллаа. Гэмтэж бэртсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, “Хавхгүй нийслэл” аяны хүрээнд цугларсан хавхыг танилцуулж дүгнэх зэрэг арга хэмжээ явуулав.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг, нийслэлийн аялал жуулчлалын газраас дотоодын аялагч жуулчдад зориулсан мэдээллийг түгээсэн юм.