УИХ дахь МАН-ын бүлэг ээлжилт хуралдаанаараа Онцгой албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу приус машины татварын асуудлыг хэлэлцсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах болсонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар долоон төрлийн татварыг нэмээд байгаа билээ. Уг нэмэгдэлд хос хөдөлгүүрт буюу "Приус" машины гаалийн онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 болгон бууруулсан юм.
Энэ дагуу холбогдох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлж, тавдугаар сарын 1-нээс татварыг 50 хувь хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойшхи алдагдал хүлээсэн иргэдийн татварыг буцааж өгнө гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн.
Гэсэн ч өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тийм асуудал байхгүй хэмээгээд долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж болно хэмээн мэдэгдсэн юм. Эрх баригчдын ийм алдаатай зөрүүтэй мэдэгдлээс үүдэж нийгэмд олон янзын маргаан үүсээд байгаа юм. Тэгвэл МАН-ын бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэхээр хуралдсан ч шийдэлд хүрээгүй бололтой. Учир нь ганцхан асуудал хэлэлцсэн ч мэдээлэл хийсэнгүй.