3, 8-аар төгссөн дугаартай бол татвараа төлөөрэй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил нэгдүгээр сараас эхэлсэн. Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нар амжиж татвараа төлөх ёстой.

Дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж жолооч нар дараах байдлаар татвар төлдөг. Тухайлбал,

  • 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.