Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор Нийслэлийн газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ.
Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг үзэж, зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 01-нд Нийслэлийн газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд газар өмчлөх аян зохион байгуулсан. Энэ хүрээнд нийт 5423 нэгж талбарыг үзэж, зөрчил маргаангүй 2571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлсэн юм. Түүнчлэн кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц чөлөөлөх зэргээр 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийсэн байна.