Дэлхийн шилдэг уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолд, УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин оролцож шилдэг дуучны "Хүндэт шагнал" /Браво/ хүртжээ.
ОХУ-ын Их театрт болсон уг шагнал гардуулах ёслолд, Э.Амартүвшин гэргийн хамт оролцсон байна. Тэрбээр Их театрын тайзнаа дуулахдаа "Юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм. Гайхамшигтай домогт тайзан дээрээс өнөөдөр та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно. Маш их баярлалаа" гэжээ.
Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар тус “Хүндэт шагнал”-ыг хүртжээ.