Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсныг нотоллоо

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх иргэн О.Санжаагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг өчигдөр хэлэлцсэн байна. Тодруулбал, О.Санжаа шүүхэд “Миний бие Өвөрхангай аймгийн Бүрд суманд 14 хоногийн хугацаагаар ажилласан.  Энэ хугацаанд буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-нд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй болно. Харин энэ өдөр манай аав миний машиныг жолоодож явсан. Тиймээс миний нэр дээр хууль бусаар бичигдсэн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү" гэсэн гомдол гаргажээ.

Тэрбээр шүүх дээр "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” болон Зөрчлийн тухай хуульд үндэслэн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталж, заргаа авсан байна.

Мөн шүүхээс “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн наймдугаар зүйлд тээврийн хэрэгсэл байрлан явах үед баримтлах хориглосон болон зөвшөөрсөн журмыг тогтоосон хэдий ч үүнд тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон, хязгаарласан хэм хэмжээ алга, Цагдаагийн байгууллагаас шуудангаар хүргүүлсэн зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь “Шийтгэлийн хуудасны маягт’’-ын шаардлагыг хангахгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн зэрэг арав орчим үндэслэлээр дээрх торгуулийн хуудсыг хүчингүй болгосон байна.