Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 14.7 хувиар өсчээ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа. Өнгөрсөн сарынхтай харьцуулбал нийгмийн салбарт зарим индексүүд өссөн хэлбэртэй гарчээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард  11940 эх амаржиж, 12017  хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард  1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид  16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор,  гар, хөл,  амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны 2 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.