НИТХ-ын ирц бүрдэхгүй байх нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Нийслэлийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Гэтэл сүүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрэлдэхгүйн улмаас хуралдаж чадахаа больсон байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн баасан гарагт буюу 3 сарын 9-нд зарлагдсан байсан бол ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй. Уг хурлыг хойшлуулж өнөөдөр буюу 3 сарын 14-ний 10 цагт товлосон боловч өнөөдөр мөн л ирц бүрдсэнгүй. Ийнхүү Тэргүүлэгчдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Уг нь Тэргүүлэгчдийн хурлаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, Хотын дүрмийн төслийг боловсруулах тухай Ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай, Нийслэл Улаанбаатар хотын 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Өргөө амаржих газрын ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой байгаа аж.
Гэвч НИТХ-ын эрх баригчдын дотоод хагарал, хямралын улмаас НИТХ-ын ирц бүрдэж чадахаа больжээ. Нийслэлийн асуудлыг цаг алдалгүй шийдэж чадахгүй, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа НИТХ ийм байдлаар ажиллавал тарчихсан нь дээр юм.
Дашрамд дурдахад НИТХ-ын Тэргүүлэгч 9 төлөөлөгч байдаг бөгөөд бүгдээрээ МАН-ын төлөөлөгч юм байна.