“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 32 чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулах юм байна.

Мөн үеэр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орох юм байна.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.