НИТХ-ын төлөөлөгч болон дарга нь нийслэлийн иргэдийн сайн сайхны төлөө хамаг бие сэтгэл зүрхээ зориулан ажиллах ёстой. Гэвч өнөөдөр нийслэлийнхээ төлөө ажиллах ёстой НИТХ-ын дарга нь Туул голын эрэг дагуу хашаалж байгаад, бургас тайрсан байгаа юм.
Уг нь Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байгаа.
Тэгвэл зарим нэгэн нь буюу НИТХ-ын дарга С.Амарсайханы ах дүүсээрээ байгуулсан “Софт трейд” ХХК Дархан цаазтай газар Зайсан хиллийг бариад зогсохгүй замынх нь эсрэг талд нь Туул голын хамгаалалтын бүсэд барилга барихаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Туул голын хамгаалалтын бүс голоос 50 метр дотор байдаг. Харин НИТХ-ын даргатай хамаарал бүхий компани өнөөдөр Туул голын хамгаалалтын бүсэд ороод зогсохгүй, бургас тайрсан байгаа зургийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: “Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажиллуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно” гэдгийг мэдэгдсэн.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тэр Зайсан, Туул голын эрэг дагуух газрын зөвшөөрлүүдийг цуцал. Цаана нь хэн нэгний эрх ашиг байна” гэж бухимдангуй хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Ж.Энхбаяр нар энэ хэсэг газар хэний эзэмшилд байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин хэлсэн амандаа хүрч Туулын бургасыг хядаж байгаа энэ үйлдэлд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Нөгөө талаас нийслэлчүүдийн төлөө ажиллаж байгаа бол С.Амарсайхан та ч гэсэн өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлж Туулын бургасыг тайрах ажиллагаагаа болиулах хэрэгтэй. Ажил чинь нийслэлчүүдийн төлөө байх болохоос нийслэлчүүдийн аюулгүй орчин амьдрах орчинд халдах биш гэдгийг сануулъя!!!