Дээд шүүх өчигдөр хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар хоорондоо муудалцаж, багагүй асуудал үүсгэсэн байна . Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх нэгэн залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан аж. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа билээ.Тэгвэл асуудлаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Өчигдөр Улсын дээд шүүх манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орох өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэр улс төрийн захиалгатай, МАХН-ын үйл ажиллагааг хязгаарласан үйл ажиллагаа боллоо гэж бид дүгнэж байна. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л Улсын дээд шүүх хянадаг. Түүнээс өөр эрх мэдэлгүй. Бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө Үндсэн хуульд нийцсэн эсэхээ хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсан. Манай намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөнийг мэдэхгүй байна. Улсын дээд шүүх нь манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс хоёр дахиа удаагаа татгалзаж байна. Тэд О.Баасанхүүгийн талд ажиллаж байна. Тиймээс бид дахин мөрийн хөтөлбөр, дүрмээ өргөн барих болно. Монгол Улсын ерөнхий шүүгчид энэ асуудлаараа хандана. Дээд шүүх нь МАХН-ын хурлыг хууль ёсны байсан эсэхийг шүүдэг байгууллага биш” гэлээ. Харин МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүх хуралдааны танхимд салаавч гарган танхайрсан. Түүнээс МАХН-ын гишүүн н.Уламбаяр ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. О.Баасанхүү “Май чи” гээд л салаавч гаргаад танхайраад байсан. Шүүх танхимд танхайраад байхаар нь МАХН-ын гишүүд шаардлага тавьсан. Түүнээс биш түүнийг барьж авч зодсон МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. УИХ-ын гишүүний ёс зүйгээ илт зөрчиж, сошиал орчинд илт худал мэдээлэл тарааж байгаа О.Баасанхүүг УИХ-ын Ёс зүйн хороонд өгнө” гэв.