“Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улсад 2017 оны 2 дугаар улиралд багтаан ОХУ-ын “Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй 4 сая гаруй тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор малын өвчлөл, вакцинжуулалт болон бусад асуудлаар ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягтай ярилцав.
-2016, 2017 онд малын гоц халдварт өвчний дэгдэлт ихтэй байсан. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай арга хэмжээ авч хяналтадаа авч чадсан. Өнөөдрийн байдлаар аль аймаг суманд өвчний голомттой, хорио цээрийн дэглэмтэй байна вэ?
-Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас нийтдээ мал амьтны 15 нэр төрлийн өвчнийг худалдаа, хорио цээртэй өвчнөөр тогтоож хил хорио тогтоосон. Энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл нэг сарын хугацаанд Монгол Улсад нийтдээ 18 аймгийн 98 суманд малын гоц халдварт цэцэг, шүлхий өвчин төвийн болон зүүн бүсийн ихэнх аймгуудад гарсан. Мөн өмнө нь манай улсад оношлогдож байгаагүй малын мялзан өвчин баруун таван аймагт илэрсэн. Энэ үед Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ орон нутагт эдгээр өвчинтэй тэмцэх арга хэмжээг маш шуурхай зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, баруун таван аймагт малын гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хоёр сарын хугацаанд маш эрчимтэй зохион байгуулж бүрэн хяналтад авч чадсан.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, олон улсын хурал зөвлөгөөнд Монгол Улс малын гоц халдварт дээрх өвчинтэй хамгийн идэвхтэй оролцож, бүрэн хяналтанд авч чадсан хоёр улсын нэг нь болж арга хэмжээг сайн зохион байгуулсан гэж дүгнэлээ. Бидний хийж байгаа ажлын үр дүнг харуулсан том ажил юм. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн зүүн болон говийн аймгуудад цэцэг өвчин гарч нэлээдгүй аймгуудад дэгдэлт их байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай арга хэмжээ авсан. Ялангуяа дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байсан вакциныг ОХУ-аас нэн хөнгөлттэй хямд үнээр авсан. Өөрөөр хэлбэл хоёр тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн үг юм.
Түүнчлэн вакцинжуулах ажлыг өвлийн тэсгэм хүйтэн үед амжилттай зохион байгуулж ажиллаж бүрэн дарсан. Одоогоор дээрх гурван төрлийн гоц халдварт өвчний хорио цээртэй байгаа хоёр аймаг бий. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түвшинсэрээ сум, Дорноговь аймгийн Алтанширээ сум. Удахгүй хорио цээрийг цуцлах арга хэмжээг зохион байгуулна.
-Гэхдээ Монгол Улсын урд хойд хөршид гахайн мялзан болон томуу өвчиний дэгдэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Урд, хойд хөршид мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж болзошгүй өвчний дэгдэлт гарсан. БНХАУ-д 70 гаруй гоц халдварт өвчний идэвхтэй голомт, ОХУ-д 27 голомт байна. ОХУ-д шувууны томуу өвчин, Эрхүү хотод гахайн мялзан өвчин гарсан. Үүнд анхаарлаа хандуулж шат шатандаа шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 4.2 сая тун шүлхий өвчний вакциныг Монголд хүмүүнлэгийн тусламжаар өгөхөөр болсон.
Хэрвээ ийм хэмжээний вакциныг худалдаж авсан бол улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөг гарах байсан. Зургаадугаар сарын 20-ноос эхэлж орон нутгуудаар ялангуяа шүлхий өвчин их гардаг голомттой зүүн болон төвийн бүсийн 7 аймгийн 6 сумын 6 орчим сая малыг вакцинжуулах ажлыг хийнэ. Мөн цэцэг өвчний эсрэг вакцинжуулах ажлыг зохион байгуулах ажлыг хийнэ. Цэцэг өвчний вакцины нөөц байна.
-Манай улс мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Яг хэдэн онд бүх малаа эрүүлжүүлж дуусах төлөвлөгөө гарсан вэ?
-Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас худалдааны хориг тавьсан 15 өвчин байдаг. Монголд гарч байгаа цэцэг, мялзан, цэцэг өвчний голомтыг устгах эрүүлжүүлэх асуудлыг бид ярьж байгаа. Дэлхийн хэмжээнд мялзан өвчнөөс эрүүлжүүлэх хөтөлбөр гарсан. Монгол Улс 2025 он гэхэд мялзан өвчнөөс ангид статусыг хангахаар ажиллаж байна. Мялзан өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг олон улсын байгууллагатай хамтран хийж, хэрэгжүүлэх шатандаа орж байна. Цаашлаад шүлхий цэцэг өвчинтэй тэмцэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажиллах шаардлагатай байгаа. Хэрвээ ингэж тэмцэж чадвал Монгол Улсын эдийн засагт хэмнэлт хийх юм. Мөн ойрын хоёр гурван жилд ингэж ажиллаж чадвал Монгол Улсаас экспортлох махны нөөцийг эрс нэмэгдүүлж чадна.
Өөрөөр хэлбэл, ургадаг төлждөг салбараасаа эдийн засгийн өсөлтийг авчрах боломж бололцоо байгаа. Цаашлаад иргэд малчдын амьдралд асар их тус дөхөм болох юм. Монгол улсын малын тоо толгой нэмэгдэхэд зүгээр хараад суухгүй цаашаа эргэлтэд оруулах бодлого барьж, мал эрүүлжүүлэх талаар хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаж байна. Гэхдээ эрүүлжүүлэх асуудал нэг удаагийн вакцинжуулалтаар зогсохгүй. Таван жилийн идэвхтэй вакцинжуулалтын үр дүнд бүрэн эрүүлжинэ.
Мялзан цэцэг өвчний хувьд гурван жилийн вакцинжуулалтын үр дүнд малыг бүрэн эрүүлжүүлэх юм. Гэхдээ өмнө нь манай улс гоц халдварт өвчний тандалт судалгааг хийдэггүй байсан. Энэ талаар олон улсын экспертүүд зөвлөж байгаа. Ялангуяа зэрлэг амьтад дээрх тандалтыг сайн хийх хэрэгтэй. Тандалт судалгаан дээр үндэслэн төлөвлөгөө боловсруулж түүнийг бүх шатанд хэрэгжүүлэхэд манай газар онцгой анхаарч ажиллах болно.
-Манай улс мах экспортлох бүрэн боломж нөөц нь байгаа ч малын өвчлөлөөс болоод чаддаггүй. Энэ талаар?
- Мах экспортлох асуудалд гол тавигдаж байгаа шаардлага хориг саад бол дээрх гурван өвчин. Тиймээс манай улс гоц халдварт өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн дээрх гурван төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох шаардлага бий. Өвчлөлтэй холбоотойгоор хонь ямаа үхрийн махын экспорт хийх боломжгүй байгаа. БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох хэлэлцээр нөхцөлийн дагуу тун бага хэмжээтэй гарч байгаа. Адууны махыг бол экспортолж байна. Учир нь дээрх гурван төрлийн өвчнөөр адуу өвчилдөггүй учир экспорт хэвийн явагдаж байна. Харин энэ жил вакцинжуулалтын арга хэмжээг идэвхтэй хийж чадвал, өвчин гараагүй эрүүл малтай аймгуудаас экспортын махны нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Ойрын хугацаанд экспортлох малын тоог жилд 2 сая байхаар болгож, цаашлаад энэ тоог 5-10 сая болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан хэчнээн төгрөгийг зардал гарсан бэ?
-Төсөв мөнгөний хувьд багагүй зардал гарсан. Өнгөрсөн жилийн хувьд өвчлөл их байсан. Шүлхий өвчин 647 сая төгрөг, цэцэг өвчин 1.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг гаргасан. Гэхдээ санхүүжилтийг багасгаж чадсан. Өмнө нь тендерээр худалдаж авдаг вакциныг мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нэг дахин хямд үнээр худалдан авсан. Нийлүүлэгдэж байгаа вакцины чанарыг бүх шатанд шалгуулж, тарилгын болон гүйцэтгэлийн хяналтыг тавьж байгаа.