Эх үрсийн баярын өдөр мэргэжлийн хяналтын 150 албан хаагчид ажиллана

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 2018.05.07-ны өдрөөс эхлэж зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Одоогийн байдлаар 9 дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий 9 албан шаардлага, 1 албан даалгавар хүргүүллээ.

Шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн 5 кг, 2145 ширхэг, 5.500.000мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж, 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.350.000 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцлоо.

Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байна.

Дэлхийн нийтийн тамхины эсрэг өдөр 05 сарын 31, Эх үрсийн баяр буюу 06 сарын 01-ний өдөрСүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдах газруудад нийт 150 албан хаагчийг ажиллана.