Л.Болд: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Таныг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд асуумаар юм байна. “Монголын эдийн засгийн чуулган 2018” форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх үеэрээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх нь зүйтэй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийт хөгжил дэвшил гээд олон зүйлийг хөндөх чухал асуудал л даа. ШХАБ-т элсэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн янз бүрийн байр суурь гарч байгаа. Хүн бүхэн өөрийн саналаа илэрхийлж болно, тэгэх ч эрхтэй. Ерөнхийдөө манай орны хувьд ШХАБ-тай маш ойрхон харилцаатай, үйл ажиллагаанд нь их идэвхтэй оролцоотой явж ирсэн. Зарим анхаармаар зүйл бий. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын хурал дээр “Манай улс төвийг сахих статустай боллоо” гээд бүр зарлаад үүнийхээ дараа УИХ-д саналаа өргөн барьж байлаа. Энэ бол дарааллын хувьд маш том үл ойлголцол байсан. Тэгээд хууль нь ч батлагдаагүй, тэр статус батлагдаагүй гэсэн үг. Дахиад ийм явдал үнэхээр гарч болохгүй ээ. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Харин ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргах цаг нь бол болсон. Ойрын үед энэ асуудлаар тодорхой санаачилгуудыг Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий байгууллагаас гаргана. Гэхдээ Монголын төр ШХАБ-д элсэх эсэхээ бүх талаас нь ёстой хэрэгтэй бол хаалттай хэлэлцээд төрийнхөө бүх бодлоготой маш сайн уялдуулж, нухацтай ярилцаж эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Ингэх цаг нь болсон. Тэр үед мэдээж би өөрийнхөө байр суурь, энэ талаар анхаарах асуудлуудаа бүгдийг нь илэрхийлнэ.

-Хоёр хөршийн хувьд манайхыг ШХАБ-д оруулах хүсэлтээ илэрхийлсэн бололтой. Ажиглагчийн байр суурин дээр Монгол Улс нэлээд хугацаа өнгөрүүлж байгаа нь гишүүнээр элсэхээс цааргалж байгаагийн тэмдэг болчихсон гэх дүгнэлтийг судлаачид хийж байгаа гэх юм?

-Өмнө нь Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд дээд шатандаа албан ёсны шийдвэрүүд гараагүй байсан учраас үүнийг таамаглаж ярих бололцоо байхгүй л дээ. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр суурийг харж байхад энэ асуудлыг шийдэх тодорхой шийдвэрүүд гарах болов уу гэж бодогдож байна. ШХАБ-ын хувьд ч өмнөхөөсөө өөрчлөгдөж өнөөдөр цоо шинэ нөхцөл байдалд орчихлоо. Үүнийг бид үгүйсгэж чадахгүй. Тус байгууллагын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаас Монгол Улс яавч хоцорч болохгүй. Төлөв байдал нь өөрчлөгдөж байгаа нь илэрхий байгаа. Өмнө нь гишүүнчлэл нэлээд тодорхой хүрээнд байсан бол одоо Энэтхэг Пакистан зэргийг оруулаад гишүүнчлэл нь тэлчихлээ. Ингэж өөрчлөгдөж байгаа нөхцөлд Монголын төр үүнийг ярилгүй яваад байж таарахгүй. Тиймээс л одоо ярих цаг нь мөн гэж хэлээд байгаа юм. Яриад эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

Харин одоогийн зөв, буруу гаж маргалдаад тэрний, энэний гэсэн янз бүрийн хаяг зүүж байгаа нь бол буруу. Ном журмаараа яах вэ гэхээр Үндсэн хуульд заасны дагуу Монголын төрийн эрх барих дээд байгууллагад орж ирсэн саналыг хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэх санал оруулна гэсэн хүлээлт байгаа гэж ойлголоо?

-Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа энэ асуудлаар мөн байр суурь илэрхийлж байсан шүү дээ. Тэгэхээр Засгийн газраас ч өргөн барихыг үгүйсгэх арга байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр аль аль талаасаа ярьж байгаад арга хэлбэрээ тогтох байх гаж харж байгаа.

-Ер нь энэ асуудлаар таны хувийн байр суурь ямар байна вэ. Үүнд элсэхээр манай төвийг сахих гэдэг имижтэй зөрчилдөх үү?

-Би Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд хувийн байр суурь илэрхийлэх бололцоо алга. Бид Монгол Улсын өнөөдөр урдаа тавьж байгаад бүх асуудлуудыг дэнслээд шийдвэр гаргах хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс хэн нэгэн хүний хувийн байр суурь чухал биш. Тэр тусмаа энэ салбарыг хариуцаж байсан хүмүүсийн байр суурь байж болохгүй. Үүн дээр Монгол Улсын эрх ашгийн дагуу шийдвэр гарах ёстой. Хувийн байр сууриа илэрхийлж байгаа хүмүүс зөндөө бий. Янз бүрийн өөр өнцгөөс, өөрийн мэдээллийн хүрээнд, цаг үеийн ойлголтоор ярьж байгаа. Харин сайд хийж байсан хүмүүсийн тухайд хувийн байр суурь юу байх вэ дээ, байж болохгүй. Монгол Улсын байр суурийг л боловсруулахад оролцож, зөв шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах үүргээ биелүүлэх ёстой гаж харж байгаа.

-Эдийн засгийн урт хугацааны хөгжлөө бодох юм бол элссэн нь зөв гээд байдаг. Нэг талаас ШХАБ-д элсэж байж шинэ боломжууд гарч ирнэ гэж байгаа. Нөгөө талаас зарим судлаачид цэрэг, эдийн засгийн нөлөөллийн хүрээг тогтоож байгаа байгууллага учраас элсэх нь буруу гэж байна?

-Хүмүүс өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх нь зөв шүү дээ. Бүх байр сууриуд ил тод байгаа нь манай ардчилсан тогтолцооны хамгийн том давуу тал байхгүй юу. Хаалганы цаана хоорондоо тохироод шийддэг биш бодитой байр сууриа нэгтгээд ярих зүйтэй. Хоорондоо зөрчилтэй байр суурь илэрхийлж байгаа ч тэдний дунд Монголоо хорлох гэсэн хүн нэг ч байхгүй. Бүгд Монгол Улс зөв шийдвэр гаргаасай гэдгийн төлөө л явж байгаа хэрэг. Харин энэ бүх санаа бодлуудыг нэгтгэж байгаад УИХ бүгдийг нь сонсох ёстой. Тэгээд итгэл үнэмшил олж аваад шийдвэрээ гаргах учиртай. Тэр бололцоо ч аажмаар бүрдэж байх шиг байна

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН