Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ.
Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.
Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн судалгааг танилцуулаад зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлөх 3 ч удаагийн шаардлага хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Газрын албаны сүүлийн судалгаагаар эзэмшил, өмчлөлд олгогдсон зориулалтын зохих, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, ил задгай авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 41 иргэн, аж ахуйн зөрчил илэрсэн бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
Энэ хугацааанд эдгээр 41 иргэн, аж ахуйн нэгжүүдээс Газар эзэмших, өмчлөх эрхгүй 2 аж ахуйн нэгж, Газраа авто худалдааны бус зорилгоор эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд 17, хувийн зориулалтаар өмчилж байгаа 22, Газрын албаны шаардлагыг биелүүлж, сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоосон 7 иргэн, байгууллага байгааг ажлын хэсгийн хуралдаанаар мэдээллээ.
Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа ч зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэл, шаардлагыг хүлээж авахгүй байгаа тохиолдлууд байсаар байгаа юм.
Иймд цаашид Нийслэлийн газрын албаны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй БЗД, 17-р хороо, иргэн М.Мөнхтөр, БЗД, 17-р хороо, иргэн Д.Наранчимэг, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Баянмөнх, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Ганбаатар, БЗД, 24-р хороо, иргэн З.Мөнхбат, БЗД, 17-р хороо, “Эс пи сервис” ХХК 1502 м2, БЗД, 17-р хороо, “Дөрвөн-Өлзий” ХХК зэрэг 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.