Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн аппарат/-ийг хүлээлгэн өгөх ёслол ЭМЯ-ны хурлын А танхимд боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийнхүү буцалтгүй тусламжийг олгож байна.
Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 3 төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ-д нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт зохион байгуулах юм. Төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Ургийн зүрхний бичлэгийн аппаратыг Говь-Алтай, Дундговь, Завхан /Улиастай, Тосонцэнгэл/, Орхон, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймагт тус бүр нэг, Булган, Баянхонгорт тус бүр хоёр, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад тус бүр дөрөв, ЭХЭМҮТ-д тавыг олгож байгаа аж.