Хүүхдийн мөнгийг 100 эсвэл 80 хувьд нь өгөх эсэхийг шийдэх гэж энэ УИХ хаврын чуулганы турш буюу үндсэндээ бүтэн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж өчигдөр чуулганы хуралдаанаар 80 хувьд өгөхөөр боллоо. Ерөнхийлөгч хүүхэд бүрт мөнгийг нь өгнө гэсэн санал оруулж ирсэн, харин У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 80 хувьд нь өгнө гэсэн. Улмаар байнгын хорооны хурал дээр хэлэлцээд, хүүхдийн мөнгөний асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулах үеэр эрэгтэй гишүүд эх хүн, эмэгтэй хүнээр хүүхдийн мөнгөний ажлын хэсгийг ахлуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс ч Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг ажлын хэсгийн ахлагч болгосон. Гэтэл өнөөх эх хүн нь МАН-ын бүлгийн даалгавраар ажлын хэсэг "хүүхдүүдийг ялгаварлан олгох нь зөв" гэж үзлээ хэмээн гүрийсээр байгаад хүүхдүүдийг ялгаварлахаар батлуулж чадлаа. Ганц Н.Амарзаяа ч биш МАН-ын бүх эмэгтэй гишүүд хүүхдийг ялгаварлан гадуурхахыг дэмжиж санал өглөө. Тодруулбал, Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нар хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохын эсрэг кноп дарсан байх юм. Уг нь Монгол Улсын парламентын түүхэнд байгаагаагүй олон эмэгтэй гишүүд энэ удаад сонгогдсон ч хийсэн ажил, бүтээсэн зүйл алга гээд хэлчихэд хилсдэхгүй. Хатуухан хэлэхэд намын даалгавраар "кноп дарагч" хийгээд сууж байгаа нь харамсалтай.