Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болж өнгөрсөн эдийн засгийн чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ ШХАБ-т элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр хуралданы УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхийг хэлэлцсэн байна. Хоёр цаг орчим үргэлжилсэн уг хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт бичгүүдийн талаарх мэдээллийг гишүүдэд сонсгосон байна. Тэрбээр ч мөн Монгол улсын ШХАБ-т элсэх цаг нь болсон гэх байр, суурийг өмнө нь илэрхийлсэн билээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлжээ. Ингээд УИХ-ын гишүүдийнг дийлэнх олонх нь “ШХАБ-т элсэх нь зөв” гэх байр суурийг илэрхийлжээ. Гэхдээ үүнийг эсэргүүцэж байсан хэд, хэдэн гишүүн байсан байна.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ШХАБ-ын гишүүн бус ажиглагч орон байхад хангалттай. Манай улсын гадаад бодлого зөөлөн бөгөөд бүхий л улстай найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Харин ШХАБ-ын гишүүн орон болбол бусад оронтой харилцахад хүндрэлтэй болно гэх байр суурийг илэрхийлж ирсэн.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар гишүүдийн олонх нь энэ саналыг дэмжжээ. Ингэхдээ ШХАБ-д яагаад, ямар зорилгоор элсэж байгаа вэ гэдэг зорилго, байр сууриа тодорхой болгох шаардлагатай гэж ярилцжээ. Одоо уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болжээ. Эндээс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-ын асуудлыг парламентаар орж ирэх бололтой. Ирэх зургадугаар сарын 9,10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Шандунь мужийн Чиндао хотод болно. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэх мэдээлэл байгаа юм. Энэ үеэр ШХАБ-ын талаар Монгол Улсын Засгийн газар ямар байр суурийг хүргэх учраас тус асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцүүлж буй юм байна.