Тэнгэрт цаасан зул хөөрөх нь буян мөн үү. Ийнхүү асуух болсон шалтгаан нь сүүлийн хэдэн жил “Гэрэлт зул” хөөргөх ёслол хэмээх арга хэмжээг зохион байгуулж, хүмүүсийн сүсэг бишрэлийг ашиглан их хэмжээний мөнгө олдог бизнес дэлгэрээд байна.
Гэтэл энэхүү бизнес нь байгаль, нийгэмд их хэмжээний хор хөнөөл учруулаад байгаа юм. Анх 2007 онд нэгэн төрийн бус байгууллага Бурхан багшийн мэндэлсэн өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэнд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш энэхүү цаасан зул хөөргөх арга хэмжээг их, бага байдлаар байнга зохион байгуулдаг болсон.
Гэтэл энэхүү зул өргөх зан үйл дэлхий дээрх Буддын шашинт улс орнуудад өөр өөрийн гэсэн зан заншил, уламжлалаасаа шалтгаалж өөр өөрийн онцлог шинжийг агуулсан байдалтай байдаг. Монголчуудын хувьд зул өргөх зан үйл нь нүүдэлчин ахуйд зохицсон уламжлалтай байдаг. Энэ талаар учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар “Бурхны шашин дэлгэрсэн Солонгос, Хятад, Тайвань зэрэг орнууд зулыг өөр өөрийн онцлог заншилтай өргөдөг ч бурхан багшийн дүйчин зэрэг онцгой тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан гэрэлт зул барин жагсах хийгээд тэнгэрт хөөргөдөг зул зэргийг ихэд өргөдөг. Харин манай улсын хувьд зул өргөх зан үйл нь нүүдэлчин ахуйд зохицсон онцгой сайхан уламжлалтай.
Тухайлбал, өвлийн эхэн сарын шинийн 25-нд тохиодог Богд Зонховын дүйчин болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын 25 тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд тос өөхөөр нь зул өргөж, буянд шамддаг нь өнөө хүртэл уламжлагдан үлдсэн. Мөн энэ ба хойд насны буяны тухайтад хийгээд өөд бологсдын буянд зориулах зэргээр зулыг өргөдөг” гэж буй.
Тиймээс тэнгэрт цаасан зул хөөргөх нь ерөөсөө манай улсын уламжлал биш гэдэг нь ойлгомжтой. Зүгээр л амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хэсэг бүлэг нөхдийн хийж буй бизнесийг даган дуурайж, ямар ч уламжлалт шинжгүй “цаасан хог”-ийг тэнгэрт хөөргөх нь зүйн хэрэг биш бололтой. Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог гэх “Гэрэлт зул” хөөргөх уг арга хэмжээ нь эсрэгээрээ “гай” болж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Төв аймгийн төвөөс хөөргөсөн гэрэлт 1000 зул (нэг бүрийн үнэ 10.000төгрөг) Хөшигтийн хөндийг хогоор дүүргэжээ. Ийнхүү хог болоод өнгөрч байгаад баярлууштай ч юм шиг. Учир нь тус цаасан зул нь хаана ч очиж унаад гал түймэр гаргах магадлал өндөр байдаг. Харин аз болж сүүлийн үед хуурайшилт бага, хур бороо их орж байгаа болохоор гайгүй өнгөрч байгаа биз. Тиймээс “сүсэгтэн олон хөтлөгчийн үгийг дагаж зулаа хөөргөвөл ямар ч аюул гаргахгүй” гэж бардам дуугардаг “Сэтгэлийн амарлил” сан цэвэрлэгээ хийдэг болмоор байна. Тэгээд ч сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг хэмээн ярьдаг монголчуудын хувь хүслээ шивнэн байж хөөргөсөн цаасан зул нь газраар хог болон хөглөрч байгаа нь ямар санагдах билээ.
Тиймээс Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээх гэгээн сайхан өдрийн нэрийг барин бизнес хийж буй нөхдөд эргээд хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй байна. Олон мянган иргэнийг цуглуулаад, мөнгийг нь авч, алаг эрээн цаасан хог тарьж болсон юм чинь яагаад маргааш нь тарьсан хогоо цэвэрлэж болохгүй гэж.