Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хуралдаж PC тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргасан. Тэгвэл PC тоглоом эрхлэгч байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран НИТХ-ын Ардчилсан намын бүлэгт шийдвэрээ эргэн харах, ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулахыг хүссэн шаардлага хүргүүлжээ.
“Монголын цахим спорт хөгжлийн холбооноос Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг түдгэлзүүлэх, ажлын хэсэгт нь мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулаач ээ гэж хүсэж байна. Бид ч олон улсын стандарт, шаардлага, журмуудыг судалж байгаа. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахгүйгээр асуудлыг тал талаасаа ярилцаж шийдвэрлэх ёстой” гэж Монголын цахим спорт хөгжлийн холбооны зохицуулагч О.Тэмүүжин ярьсан юм. НИТХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх шаардлагыг хүлээн авч улмаар Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлэн асуудлыг ажил хэрэгч байдлаар шийдвэрлэх, хааж, боох гэхээсээ илүү татварын зохицуулалт эсвэл өөр арга замаар шийдвэрлэх ёстой гэж үзжээ. “Цаашдаа PC тоглоомын газруудыг эрх зүйн ямар зохицуулалтаар үйл ажиллагааг нь явуулах вэ гэдгийг бүлэг дотроо ярилцаж байна. Нийслэлийн удирдлагын зүгээс PC тоглоомын газруудыг хаах нь зүйтэй гэдэг мэдэгдэл гаргасан. Аливаа зүйлийг шууд хаачихаар сөрөг үр дагаврууд гардаг жишээ олон бий. Тиймээс бид дэлхийн улс орнууд энэ тал дээр ямар бодлого баримталдаг вэ гэдгийг судлах ёстой” гэж НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярьсан юм.
Дэлхийн улс орнууд PC тоглоомын газруудыг хааж боохоосоо илүү татварын бодлогоор зохицуулж энэхүү асуудлыг шийджээ. Мөн тоглоомын газарт үйлчлүүлэгчдийн насны хязгаар, цагийн зохицуулалт зэргийг тогтоон, үйлчилгээ эрхэлдэг газруудад камер суурилуулж үйлчлүүлэгчдийг хянах зэргээр шийдсэн байна. НИТХ дахь АН-ын бүлэг дээрх асуудлыг тал, талаас нь судлан Улаанбаатар хотын захирагчтай ажил хэрэгч байдлаар уулзан зохицуулахаар болжээ.