Манай улс сүрьеэгийн тархалтаараа хамгийн өндөр долоо орны тоонд багтдаг байна. Хамгийн эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон аж. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь тухайн эмнэлгийн орны эргэлт байхгүй болж байгаа хэрэг. Учир нь эмэнд дасалтай сүрьеэ бүрэн эдгэтэл 24 сар шаардлагатай байдаг аж. Тиймээс нэг иргэн доод тал нь эмнэлэгт дөрвөн сар хэвтэн эмчлүүлэх болдог байна. Ингээд бодохоор эмнэлгийн нэг орыг жилдээ 1-2 өвчтөн л ашигладаг байна. Сүрьэгийн эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хувьд эмчилгээ таслалт 33 хувь, нас баралт 60 хувьтай байна. Ялангуяа хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэгийн тархалт, эмчилгээ таслалт, нас баралт өндөр байгааг албаныхан хэлж байлаа. Өнгөрсөн онд сүрьеэгийн 740 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 40 орчим хувь нь их дээд сургуулийн оюутнууд, 20 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдүүд, үлдсэн хувийг нь ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид эзэлжээ.
Сүрьэгийн хагалгааг өндөр өртөгтэй мэс заслын жагсаалтад оруулах шаардлагатай гэв
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр жилд 700 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас хагалгаанд ордог байна. Өнгөрсөн оны байдлаар энэ чиглэлд 77 сая төгрөгийг улсаас төсөвлөн зарцуулжээ. Харин иргэдээс 237 сая төгрөг гаргуулан, хагалгааг хийсэн байна. Тиймээс сүрьэгийн хагалгааг өндөр өртөгтэй мэс заслын жагсаалтад оруулах шаардлагатай байгааг эмч нар хэлж байна.