Ерөнхий сайд мотоцикл унаж цуваанд явах гэнэ

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9-10-ны амралтын өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийсэн юм.  Тус наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөөд байгаа гэнэ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж. Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна. Наадмыг зохион байгуулагчдын хэлж буйгаар дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх гэж байгаа гэлээ. Өмнө нь Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан гэнэ.