Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, олон жилийн турш яригдсан энэ хэлэлцээрийг амжилттай байгуулахад өндөр хувь нэмрээ оруулж байсанд нь талархал илэрхийлсэн юм.
Мөн ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих Монгол Улсад хийж байгаа айлчлал нь одоогийн албан тушаалынх нь анхны гадаад айлчлал бөгөөд баримт бичигт гарын үсэг зурсандаа баяртай байгаагаа хэллээ. Түүний дурдсанаар ОХУ-ын тээврийн салбарт зургаан сая хүн ажиллаж, 17 тэрбум ам.долларын ажил, үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь тус улсын нийт экспортын 1/3 хувийг эзэлдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тээврийн салбарын экспортын орлогыг 2024 он гэхэд хоёр дахин өсгөх бодлого баримталж байгаа юм байна. Тиймээс энэ бодлого, цаашдын үйл ажиллагаа нь Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Е.И.Дитрих яриандаа дурдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихд хандан анхны айлчлалаар олон жил яригдсан хэлэлцээрт гарын үсэг зурж, тээврийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргасанд баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх он жилүүддээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, өнөөгийн үр дүнд хүргэхийн тул ОХУ-ын Тээврийн сайд нартай нягт хамтран ажиллаж ирсэн талаараа хэлж, цаашдаа ч ноён Е.И.Дитрихтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ дурдлаа.
Мөн ОХУ-БНХАУ худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсаныг дурдаад Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгож, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа, тээврийг нэмэгдүүлэх зэргээр хэлэлцээрийг ажил хэрэг болгохын тулд тууштай ажиллана гэсэн юм.