Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна, Би шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл уг УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа билээ.  Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат албан ёсоор тайлбар өглөө.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хамаагүй. Тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ" гэлээ.

Харин түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Хэвлэлээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь бусдын биед гэмтэл учруулсан асуудал байгаа. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагад итгэж байна" гэлээ.