УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм.
Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан гишүүн, “Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны доод хязгаар 30 байх заалт оруулсан нь буруу. Хүн бүр 18 нас хүрээд сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Д.Гантулга гишүүн алдсан байж болно. Энэ хүний алдаанаас болж залуу үеийн боломжийг хааж болохгүй” гэлээ. Үндсэн хуулийн төслийн талаар иргэдээс санал авах үед ард түмний төлөөлөл болж төрийн дээд байгууллагад ажиллах болон иргэний амь нас, эд хөрөнгийн хохиролтой холбоотой хэрэг шийдвэрлэдэг шүүгч нарын насны доод хязгаарыг нэмэх санал ихээхэн ирсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав. Тэрбээр, “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж дуусаагүй. Өөрөөр хэлбэл, насны хязгаартай холбоотой асуудлыг эцэслэн шийдээгүй гэсэн үг. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг эргэн харах бүрэн боломж бий” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч, гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. Тэрбээр төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимыг орхин гарлаа.