Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаа Өлгийчүүд ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Баярын нээлт өнөө өглөө аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, наадмыг зохион байгуулах комиссын дарга А.Камелият нар оролцож наадамчин түмэн олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр баяр наадмыг нээж үг хэлсэн аймгийн Засаг дарга А.Гылымхан энэ жилийн наадмын онцлох үйл явдлыг дурдсан юм. Тодруулбал: Хүн амын тоо 2,5 мянгаар, мал сүргийн тоо 60 мянган толгойгоор өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүн 2,6 хувиар нэмэгдэн 310 тэрбум төгрөгт хүрсэн арвин их амжилтаар угтаж байгааг мөн наадмын босгонд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус аймгийн 73 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг болон Үндэсний их баяр наадамд Т.Очироо, Н.Алтанхуяг нар урианхай, буриад сурын харваанд түрүүлэн улсын мэргэн цол хүртсэнийг баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Дараагаар нь Монгол Улсын зөвлөх инженер К.Ермекейд МУ-ын Гавьяат барилгачин цол хүртээснийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон аймгийн удирдлагууд нээлтийн ажиллагааны үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.
Наадмын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 256 бөхийн барилдааныг дөрвийн даваагаар өндөрлүүллээ. Аймгийн хурц арслан Ш.Мурат, К.Ханат, тэргүүтэй 16 бөх шалгаран үлдээд байгаа ба маргааш үдээс хойш тавын даваа үргэлжлэх юм. Мөн шагайн харваа, үндэсний сурын харваа, азарга даага, шүдлэн, хязаалангийн уралдаан болж өнгөрсөн бол жороо, соёолон, их насны морьдын уралдаан, маргааш явагдана.
Н.Ерлан