Нийслэл, аймаг орон нутагт үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус урсч хөрс орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.
Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал: цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян 3 сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үршдэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлнэ үү. Үүнд:
- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
- Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, халдваргүйтгэл хийх
- Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж халдваргүйтгэл хийлгүүлж, зайлуулах
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
- Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
- Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
- Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйтгэл хийх. Халдваргүйжүүлэлтэд хуурай хлорын шохой болон 3%, 5-10%-ийн хлорын шохойн сүүн уусмал, жавелион хэрэглэх
- Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт авсан хүмүүсийн хорогдох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах.