Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/547 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын үерт автагдсан талбайд цэвэрлэгээ хийх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Тодруулбал өнөө өглөө аймгийн удирдлагууд элс, хайрга тээвэрлэдэг хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзалт хийж, харилцан тохиролцсоны дагуу үерийн улмаас үүссэн хог хаягдал, автозам, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хуримтлагдсан лаг шавар, сүйдсэн хашаа байшингуудын нурангийг цэвэрлэх орчны бохирдлыг арилгах ажлыг өнөөдрөөс эхлэн дөрвөн багт гүйцэтгүүлж эхэллээ.
Цэвэрлэгээний ажлыг 4 ачигч 17 тээвэрлэгч нийт 21 нэгж техниктэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 дугаар багийг, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Гантулгаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 12 дугаар багийг, ЗХ-ний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэмээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 13 дугаар багийг, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2 дугаар багийг тус тус хариуцан цэвэрлэгээний ажлыг хийлгүүлж байгаа юм.
Өнөөдөр нийт 114 удаа тээвэрлэлт хийснийг Өлгий сумын хот тохижуулах албанаас мэдээллээ.
Н.Ерлан