“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэмээх гоё нэртэй хөтөлбөр цаасан дээр л үлдэх бололтой. Учир нь ипотекийн 8 хувийн бага хүүтэй зээл болон “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ) хоёрыг хэрэгжүүлэх хөтөлбөр юм. Гэтэл өдгөө бодит байдал дээр ипотекийн 8 хувийн зээл зогсонги байдалд байна.
Наадмын дараа намар гэгчээр зуны амралт дуусч, хурим найрын сар эхэлж байгаатай холбоотойгоор орон сууцны эрэлт ч ихэсчээ. Эрэлтээ дагаад нийлүүлэлт ч их байгаа бөгөөд тэр ч бүү хэл үл хөдлөхийн үнэ 15 хүртэл хувиар уначихаад байгаа аж. Тиймдээ ч иргэд энэ үеийг ашиглаад орон сууцтай болохыг хүсч байна. Хэдийгээр эрэлт, нийлүүлт их байгаа ч 100 хувь бэлэн мөнгө гаргаад байр авах иргэд харин ховор байгаа юм.
Нэн ялангуяа залуу гэр бүлүүд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувиа л бэлдэж амжсан байдаг бөгөөд аз, эз нь таарвал ипотекийн 8 хувийн зээлд хамрагдчих санаатай чих тавин хүлээж байна. Гэтэл өнөөх 8 хувийн зээлийг банкууд гаргахгүй байгаагаас нэг талдаа эзэнгүй орон сууцууд нөгөө талдаа байртай болох хүсэлтэй иргэд хамт гацчихаад байна.
Бид энэ талаар өмнө нь “8 хувийн зээл хааччихав?”, “8 хувийн арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл болжээ” гэсэн цуврал нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Учир нь 8 хувийн зээлийг дан ганц байр авах хүсэлтэй иргэд ч хүлээж байгаа юм биш барилгын салбар тэр чигтээ хүлээлттэй байгаа гэхэд болно. Учир нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа зараад орон сууц барьчихсан барилгын компаниуд байр нь борлогдохгүйгээс эхнээсээ дампуурахад хүрээд байгаа нь нууц биш. Барилгын компанийнхан барьсан орон сууцаа борлуулчихаад дараагийн ажилдаа санхүүжилт хүлээж байгаа ч 8 хувийн зээл хонгилын үзүүрт гэрэл болж харагдахгүй байгаа юм.
Гэтэл Монголбанкнаас “8 хувийн зээл хэвийн олгогдож байгаа” гэсэн жижүүрийн тайлбар хийж, салбарын сайд нь “Арилжааны банкууд өөрсдийн хамтрагч барилгын компаниудаа дэмжин зээл олгож байна” хэмээж байгаа нь энэ хөтөлбөр цөөнхийн ашиг олох хэрэгсэл болчихоод байгаагийн хөдөлшгүй нотолгоо. Өнөөдөр 90 жилийн түүхтэй барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэр чигтээ гацчихаад байхад эрх баригчид “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Иргэдээ орон сууцжуулна” гэсэн хоосон амлалтаа ярьсаар л байх уу.
Түүнчлэн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг шинэчлэх гэж байгаа тухай сураг дуулдсан ч Засгийн газарт оруулсан төслөө татаад авчихсан. Тэгэхээр энэ хөтөлбөр үргэлжлэх эсэх нь өдгөө ч эргэлзээтэй байна. Тиймээс эрх баригчид амарч зугаалж дууссан бол энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөтөлбөрийг хэвийн хэрэгжүүлж, иргэд болон барилга үл хөдлөхийн салбарыг хүлээлтээс гаргах цаг нь хэдийнэ болсныг дуулгая.
Г.НАРАН
Эх сурвалж: www.info.mn