Сүхбаатарын талбайд элэгний B, C вирус үнэгүй оношилно

Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран Сүхбаатарын талбайд өнөөдөр өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгийн үеэр элэгний B, C вирусыг үнэгүй оношилж, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм байна.

Монгол Улсын хувьд өнгөрсөн 2017 онд хепатитын шалтгаантай өвчлөлийн улмаас 1614 хүн нас барсан гэх судалгаа гарчээ. Элэгний хорт хавдрын 80-с дээш хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа ч анхаарал татах асуудлын нэг болоод байна.

Хүн амын дунд вируст хепатит болон хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлд ДЭМБ Монгол Улсыг дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм. Дэлхийн хепатитын өдөрт зориулсан өдөрлөг Сүхбаатарын талбайд 12:30-17:30 цагийн хооронд болно.