Дэлхийн хепатитын өдрийг ДЭМБ-тай хамтран тэмдэглэж байна

Төв талбайд элэгний В, С вирусийн шинжилгээг үнэгүй авч байна

Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог Дэлхийн хепатитын өдрийг энэ удаад “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна.

ДЭМБ-аас 2018 оны энэ өдрийг вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орны нэг болох Монгол улсын засгийн газартай хамтран тэмдэглэж байгаа юм. Энэ үеэр ДЭМБ хепатитын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд С вирусийн эмчилгээний олон улсын шинэ удирдамжийг гаргаж буйгаа мэдэгдлээ.

“Шинэ удирдамж нь хепатитын С вирусийн архаг халдвартай 70 сая хүнийг богино хугацаанд эмчлэн эдгэрүүлэх боломжийг нээж байна” гэж ДЭМБ-ын ДОХ/Хепатитын асуудал хариуцсан захирал, доктор Готфрид Хирншол хэлсэн юм.

Үүнтэй холбогдуулан эрүүд мэндийн даатгалд хамрагдаагүй 2000 хүнд ДЭМБ-ын чанарын стандарт хангасан аппаратаар вирусийн илрүүлэг шинжилгээг Чингисийн талбайд үнэ төлбөргүй хийж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдардаг бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас бардаг байна.

Харин манай улсад уг өвчний улмаас өнгөрсөн онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусийн халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог гэнэ.

Тиймээс элэгний В, С вирусийн халдварыг эрт илрүүлэх нь чухал гэж эмч мэргэжилтнүүд үзэж Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд чиглэсэн ажлын дүнд 350 мянга гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулсан байна. Эдгээрээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулаад байгаа юм.

“Монгол улсын гурван сая иргэний 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярилаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш нaсны 1.8 сая хүнийг хепатитын В,С вирусийн шинжилгээнд хамруулахаар зорьжээ.