Тайваний шилдэг мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Баян-Өлгий аймгийн Засаг даргын урилгаар Тайваний шилдэг мэргэжлийн эмч нараас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг Тайван улсын Фүжи Нийгмийн халамж, буяны сангийн дэмжлэгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр манай аймагт хүрэлцэн ирээд өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

Тус эмч нарын баг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж үзлэг шинжилгээнд хамруулан тохирох эмийг олгож ажиллах юм.

Эмч нарын бүрэлдэхүүнд дотрын эмч, хүүхдийн эмч, эмгэг судлал паталоги-н эмч, яаралтай түргэн тусламжийн эмч, хятадын уламжлалт анагаахын эмч нар тус тус ажиллаж байна.

Тэднийг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан албаны өрөөнд хүлээн авч уулзаж, урилгыг хүндэтгэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн явдалд талархал илэрхийлж, өндөр настан болон амьдралын бололцоо тааруу алслагдсан сум багийн иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг санал болголоо.

Н.Ерлан