Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан гэх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр 10:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн байшин дотор хүн хутгалууллаа гэсэн дуудлага мэдээлэл 102 утсанд ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга албан тушаалтай, иргэн Амартүвшинг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 64 настай иргэн И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэн А Цэргийн төв госпитальд яаралтай хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна. Юуны учир ийн хутгалах болсон шалтгааныг хохирогч болон холбогдогч нараас мэдүүлэг авсны дараа тогтоох учраас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.