МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудал хэлэлцлээ. Хурлаар ЗТХ-ийн дэд сайдаар ажиллах боломжтой 7 хүний нэр яригдсан. Ингээд мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй хэмээн үзэж “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилох санал гаргалаа.
Л.Халтар нь төмөр замын салбарт 25 жил ажилласан чадварлаг боловсон хүчин юм. Харин ЗТХ-ийн сайдын томилгооны асуудал яригдаагүй” гэлээ.
Тус намын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 03-нд хуралдаж, намын гишүүдийн сахилга, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх тогтоол гарган Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн. Уг асуудлыг өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны сонгуульд ялалт байгуулсны дараагаар төрийн бүх шатанд томилогдсон МАН-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тогтоол баталжээ Уг тогтоолоор томилогдсон ажилдаа мэргэжлийн ур чадваргүй, ёс зүй, сахилга, хариуцлагагүй ажилласан хүмүүст хатуу хариуцлага тооцох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд үүрэг болгожээ.