2017 оны байдлаар дэлхий дээр:
- 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.
- 2,1 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авсан байна.
- 17 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.
- 1,1 сая хүн ДОХ-ын улмаас нас барсан байна.
Манай улсын хувьд ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар халдварын тархалт багатай орон гэж үнэлэгддэг. Энэ нь бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн юм.
ХДХВ-ийн халдварын байдлыг авч үзвэл 2016 оны 12-р сарын 1-ний байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99% нь бэлгийн замаар дамжсан байна. Нас баралтын тохиолдол нийт 35 байна.
Монгол улсын Засгийн газар 2011 онд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаархи дээд хэмжээний чуулга уулзалт дээр амлалт авч байсан. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ХДХВ-ийн халдварыг цусаар дамжуулахгүй байх, эхээс урагт дамжуулахгүй байх асуудал байсан. Монгол Улс энэ амлалтаа сайтар биелүүлж, одоогоор ийм тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Гэхдээ бид тайвширч болохгүй гэдгийг зориуд анхааруулж хэлмээр байна.
Монгол улсын Засгийн газраас ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагийн нэг илрэл бол ДЭМБ-аас зөвлөмж болгож буй вирусын эсрэг эмчилгээнд халдвартай иргэдийг хамруулах явдал юм. Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь чухал гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Ийм учраас 15-49 нөхөн үржихүйн насны хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй юм гэдгийг зөвлөж байгаа юм.
2014 оноос эхлэн ХДХВ-ийн эсрэг эмчилгээг бүх халдвартай иргэдэд эмчилгээг улсын зардлаар бүрэн санхүүжүүлж, одоогийн байдлаар ХДХВ-ын халдвартай амьдарч буй нийт хүмүүсийн 85 хувийг вирусын эсрэг эмчилгээнд хамруулаад байгаа аж. Энэ нь олон улсын түвшинд үнэлэгдэхүйц үзүүлэлт юм байна.
Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтаж, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нийтэд хүргэх ажлуудыг хийж байна.
ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэн чухал:
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх: Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.
ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамрагдах:
Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөр өөртөө итгэлтэйгээр амьдарч, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалах нь таны үүрэг хариуцлага юм.
ХДХВ-ийн эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх:
- Өртөлтийн өмнөх сэргийлэлт: Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн халдваргүй хүнийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулж, өртөлтийн өмнө урьдчилан сэргийлэлт хийнэ.
- Өртөлтийн дараах сэргийлэлт: ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулах ыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ.
Цусаар дамжих халдвараас сэргийлэх:
Нэг удаагийн зүү тариур хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх зэрэг нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс сэргийлнэ. ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх: ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15%-45%, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.