УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор энэ сарын 17-26-нд “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” Улаанбаатар хотноо болно. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Одоогоор тэмцээнд оролцохоор Австрали, Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг 15 орны 46 тамирчин мэдүүлгээ ирүүлсэн бол манай улсын 70 гаруй тамирчин бүртгүүлжээ. Мөн “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын хүрээнд “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэргийг зохион байгуулах аж. Эдгээр тэмцээнд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн гэдгийг Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Цогбаяр танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хурлын эхэнд, “Шатар монголоос үүдэлтэй гэдэг. Тиймээс ч олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Гадаадад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд төсөв, мөнгөний асуудлаас болж 10 орчим тамирчин оролцдог бол эх орондоо болох томоохон тэмцээнд илүү олон тамирчин оруулж, чансааг нь ахиулах, ур чадварыг нь дээшлүүлэх боломжтой. Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбооноос энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улсад олгосон нь Монгол Улсад шатрын спортын хөгжил ямар байгааг илтгэж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадвал дараагийн ДАШТ-ийг эх орондоо хийх боломж бүрдэхийг үгүйсгэхгүй" гэлээ.