Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цагийн үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.
Тэрбээр өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд үүнийг хийх гарц нь Ард нийтийн санал асуулга явуулах гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд онцлов.
УИХ-ны гишүүн Ж.Батзандан үргэлжлүүлэн “Сүүлийн 28 жилийн хугацаанд Засгийн газар тогтворгүй байгаагаас үүдэн олон сөрөг асуудал үүсч байна. Энэ бол бид засаглалын хэлбэрээ өөрчлөх цаг болсныг харуулж байна. Ард нийтийн санал асуулга явуулах нь хуулийн дагуу, тайван замаар засаглалын хэлбэрээ өөрчлөх хамгийн зөв гарц юм. Ард нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуультай болох эсэх, Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байхыг иргэдээсээ асууж, шийдэх хэрэгтэй.
Засгийн газрыг огцруулаад асуудал шийдэгдэхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Иймд Засгийн газраа огцруулдаг замаар биш засаглалын тогтолцоог шинэчилж улс орны эрх ашгийг хамгаалах хэрэгтэй” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэв. Мөн тэрбээр ирэх баасан гарагт "Цаг боллоо-системийн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм.