Улаан буудайн ургацын 54.3 хувийг хурааж авах төлөвтэй байна

Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж 2018 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож ургац хураалтын технологийн зөвлөмж гаргалаа.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулсаны зэрэгцээ, тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан. Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангайн аймгийн зарим бүс нутгаар хур тундас орж таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж эхэлсэн хэдий боловч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар 07 сарын 05-ныг хүртэл гандуу байсан нь ургацад сөрөг нөлөө үзүүлж байна.

Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын улмаас үр тарианы 8.1 мянган га талбай ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй гэсэн тооцоо гарч байна. Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байгаа юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сар бүхэлдээ дунджын орчим буюу 35-40мм хур тундастай, мөн дунджын орчим дулаан байх төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэлээд Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж өглөө.