МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ.
Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа.
МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөр нэмэх болсон шийдвэрийг оюутнууд эсэргүүцэж байгаа. Бид 2000 гаруй оюутны гарын үсэг цуглуулан ШӨХТГ, МУИС-ийн захиргаа, БСШУСЯ-нд өнгөрсөн зургадугаар сард албан бичиг өгсөн ч өнөөдрийг хүртэл дорвитой хариу өгөхгүй байсан учир өнөөдөр тэмцлийнхээ дараачийн шатанд шилжиж байна. Сургалтын төлбөрийн талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол шаардлагыг холбогдох газруудад шат дараатай хүргүүлнэ" гэлээ.