Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье.
Эрүүл бие, саруул ухаантай иргэн бол тухайн улс орон оршин тогтнох, хөгжихийн үндэс. Иймд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь нэг талаар төрийн үүрэг. Нөгөө талдаа хамгийн гол нь хувь хүний үүрэг. Гэвч хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нь хувь хүний ухаан, ухамсарт нь зуун хувь найдаад сул орхиж болохгүй нийгмийн тахал болоод байна.
Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөн нэмэгдэж, түүнээс олсон хууль бус хөрөнгөөр хууль бус зэвсгийн наймаа, мөнгө угаах, хүн худалдаалах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг санхүүжүүлж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг боллоо.
Иймд НҮБ-аас тодорхой санал санаачилга гаргаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй хамтдаа тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоо нэгтгэн, хамтран ажиллаж байна. Монгол Улс ч хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхий нийтийн үйлсэд мөр зэрэгцэн яваа, цаашид ч илүү идэвхтэй явах ёстой.
Хар тамхи, мансууруулах бодис гэх аюул хэдхээн жилийн өмнө монголчууд бидэнд хол, хамаагүй мэт сонсогдож, хэзээ ч хаалга тогшихгүй аятай амгалан байлаа. Харин өнөөдөр энэ тахал хаалга тогшихгүй орж ирээд зогсохгүй, хойморт гараад суух нь холгүй аюулын харанга дэлдэж байна.
Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо, холбогдогчдын тоо жилээс жилд нэмэгдэх боллоо. Хураагдаж байгаа энэ төрлийн бодисын хэмжээ ч нэмэгдлээ. Хэрэглэгч, донтогчдын хүрээ ихсэч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа идэвхжиж улмаар улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох, цаашид хүн амын эрүүл мэнд болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж дүгнэж байв. Гэтэл ердөө гуравхан жилийн дараа буюу НҮБ-ын 2014 оны тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн байна. Энэ бүхэн бол цөөхөн монголчууд бидний хувьд аюулын харанга, дохио мөнөөс мөн.
Монгол Улсын төр, засгаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, мөн Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял, хүлээлгэх хариуцлагыг чангатгалаа.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албатай Вена хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Засгийн газар холбогдох байгууллага, агентлагийн чадавхийг бэхжүүлэх, сургалт явуулах, техник хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гэхдээ энэ бүхэн хангалтгүй. Хар тамхи, мансууруулах бодис гэх тахлаас өөрийгөө болон өөрийнхөө хайртай хүмүүсийг хамгаалах, монгол хүний удмын санг монголоор нь авч үлдэх хамгийн сайн хамгаалалт, хамгийн сайн дархлаа бол монгол хүн та өөрөө юм. Иймд би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан нийт эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн, мэргэжлийн хяналтын байгууллагынханд хандаж зарим нэг санаа хэлье.
Эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн сайхныг төлөө байнга санаа тавьж, хол, жигшиж явах муу муухай бүхнийг багаас нь ойлгуулан оюун санаа, ухамсарт нь суулгаж өгдөг ард түмэн. Уламжлалт нь энэхүү гэрийн хүмүүжлийнхээ эхэнд хар тамхи, мансууруулах бодисын талаар оруулан, хор хөнөөлийг нь үр хүүхэддээ ойлгуулж байх хэрэгтэй. Бид заримдаа, биеийг нь төрүүлснээс бус, ухааныг нь төрүүлсэн биш гэж үр хүүхдийнхээ буруу хүмүүжилд өөрийгөө зөвтгөх нь бий. Гэвч өнөөдөр бид үр хүүхдийнхээ оюун ухаан, хүн болох төлөвшилд, аюулгүй амьдрахад байнга санаа тавихаас өөр аргагүй даяаршлийн нийгэмд амьдарч байна. Хүн бүр эцэг, эх байх үүргээ сайн биелүүлэхийг та бүхэндээ уриалж байна.
Сэтгүүлзүй бол соён гэгээрүүлэх нийгмийн үүрэгтэй. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагынхан маань энэ үүргээ биелүүлж, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулахад редакцын бодлогоо чиглүүлж, давтамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямарч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийн зохицуулалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг ЦЕГын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болгож байна.
Засгийн газар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, чиг үүрэг байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороог Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан, үйл ажиллагаа нь эрчимжиж байна.
Цаашид Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх шатанд хангах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, шинж чанарыг тодорхойлох шинжилгээ хийх орчин үеийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинжээч, мэргэжилтний чадавхийг сайжруулах, энэ чиглэлийн эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгох зэргээр шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Эдгээр үйл ажиллагааны үр өгөөж, амжилт нь Та бидний хамтын ажиллагаанаас шууд хамаарах учиртайг энд онцлон тэмдэглэмээр байна.
Эцэст нь хэлэхэд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд эхлэл гэж байхгүйтэй адил төгсгөл ч гэж байхгүй. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд ялагдах эрх дэлхий нийтэд, ялангуяа гуравхан сая монголчууд бидэнд байхгүй. Хэрвээ ялагдвал бидний ялагдалтай хамт монгол үндэстэн, монгол удмын сан мөхөх ч аюултайг монгол хүн бүр цаг ямагт санаж явах учиртай.
Улс орон эдийн засгийн хямралаа давахад зөв бодлогоос гадна ихээхэн хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Харин хар тамхи, мансууруулах бодисын хөнөөл нь тахлын хэмжээний асар их аюултай ч түүнээс урьдчилан сэргийлж, улсаа улсаар нь, үндэстнээ үндэстнээр нь авч үлдэхэд их мөнгө хэрэггүй. Харин хүн бүрийн сэтгэл, зүтгэл хамгийн их хэрэгтэй. Энэ талаархи төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын идэвх, санаачилга чухал бөгөөд Засгийн газраас Та бүхний гаргасан санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болно.Чуулганы ажиллагаанд амжилт хүсье гэлээ.