Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Эрхэм зочид , төлөөлөгчид өө,
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.
ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистан Улсын төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе.
ШХАБ гишүүнчлэлийн хувьд ийнхүү өргөжин тэлж байгаа нь түүний улс төр, эдийн засгийн нөөц боломж, олон улсын нэр хүндийг өсгөж, бүс нутгийн тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ.
Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна.
Хатагтай, ноёд оо,
Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм.
Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ.
ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.
Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон 3 талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна.
Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.
Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна.
Бид ШХАБ-ын хүрээнд шимнжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх, ХАА зэрэг салбарт хамтран үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.
Түүнчлэн соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.
Эрхэм дарга аа,
ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.
Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.