УИХ-аас шинээр баталсан, шинэчлэн найруулсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Энэ жил “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс аймгийн төв талбайд өнөөдөр 13-17 цагийн хооронд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлын талаар болон салбарын хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг иргэд, олон нийтэд сурталчилж, салбарын үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл, холбогдох лавлагаа, тодорхойлолт гэх мэт бусад иргэдэд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгээс хүргэж, ард иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг сонсож ажиллав.
Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож төр захиргааны байгууллагын алба хаагч нарт хандан иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэж, харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журмыг сайжруулах, авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хуулиа дээдэлсэн хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг уриаллаа.